
Эцэг эхчүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг.Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.
• Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа тогтсон
• Гэр бүлийн тодорхой уламжлалтай
• Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх
• Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг
• Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх
• Гэр бүлд гарч буй ихэнх асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх г.м
Дээрх шинжүүдээс гадна эцэг эхүүд хүүхдэдээ хэрхэн хандаж байна гэдэг нь чухал байдаг. Энэ удаа эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? гэсэн сэдвээр ярилцья. Та энэ сэдвээр өөрсдийнхөө үнэтэй санал зөвлөгөөг бидэнтэй хуваалцаарай.
Зарим нь хүүхдээ хайрлах хайраа илэрхийлж, хүссэн бүхнийг нь авч өгөх, бусад хүүхдээс өмөөрөх, идэх, өмсөхөөр нь бэлэн байг гэсэн бодлоор ханддаг. Зарим нь хүүхдээ өрөвдөх, гэр бүлийн онцлогоос хамааран бусдаас дутаахгүй гэсэн бодолтой байдаг. Хүүхдээ энхрийлэн хүссэн зүйлийг нь авч өгөх нь тухайн үед хүүхдэд тааламжтай байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэх боловч ирээдүйд өөрт нь хор хөнөөлтэй гэдгийг тэр бүр ухаарахгүй байх нь олонтаа тохиолддог.
Хэт их хайрласнаас болж хүүхэд бие даан амьдрах чадваргүй, сэтгэлийн тэнхээ муутай, хариуцлага хүлээх чадваргүй, тэсвэр хүлээцгүй гээд л олон сул тал төлөвшүүлчихдэг. Үүнийгээ хүүхдээ хайрлаж халамжилж байна гэж ойлгодог. Гэтэл хайр заримдаа хор болдог. Эрхлүүлснээс үүсэх сэтгэц, зан төрхийн өөрчлөлтүүд их байдаг.
Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг.