
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цэцэрлэг, сургуулийн багщ нарын зөвлөл (цаашид зөвлөл гэнэ) нь цэцэрлэг, сургуулийн болон сургалтын технологийн хөгжил, түүнтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулах асуудлыг шинжлэн мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий цэцэрлэг, сургуулийн өөрийн удирдлагын мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль, Бага, дунд боловсролын хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
1.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, эрхлэгч, багш нар орно. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байна.Зөвлөлийн дарга нъ сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нарийн бичгийн дарга нь хичээлийн эрхлэгч,
цэцэрлэгийн арга зүйч байна.
1.4.Зөвлөлийн хурлыг нэг хичээлийн жилд 4-өөс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай үед ээлжит бус хурал хийж болно.
1.5. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед зөвлөлийн хурлыг хүчин төгөлдөрт тооцно. Хэлэлцэж буй асуудлаасаа хамаарч ил буюу далд хэлбэрээр санал хурааж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар шийдвэрлэнэ.
1.6. Зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлаасаа хамааран орон нутгийн засаг захиргааны болон төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллийг зөвлөх эрхтэйгээр оролцуулж болно.
1.7.Зөвлөлийн хуралдааны талаар тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаг тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл нь цэцэрлэг, сургуулийн албан хэрэгт хадгалагдана.
1.8.Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргана. Эдгээр нь сургууль г цэцэрлэгийн удирдах зөвлөлийн шийдвэр болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар баталгаажна.
1.9. Зөвлөл нь удирдах зөвлөл, сургуулийн захиралын шийдвэр, санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.
1.10. Зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслах мэргэжлийн чиглэлээр буюу сонирхолын үндсэн дээр байгуулагдсан заах аргын нэгдлүүдийг ажиллуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд тэнхим, секц, сэтгэц оношлогооны алба зэрэг нэгжүүдийг
ажиллуулж болно.
1.11.Цэцэрлэг, сургууль нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн өөрийн дотоод журамтай байж болно
Хоёр. Зөвлөлийн эрх үүрэг
2.1. Зөвлөл нь доор дурьдсан эрхтэй:
а/. Цэцэрлэг, сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургуулийн материаллаг болон сэтгэл зүйн орчинг сайжруулах, хамт олны нийгмийн асуудал, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал дэвшүүлэх/
б/. Багш, суралцагчийг үнэлж дүгнэх, удирдах дээд байгууллагын шатлалд тодорхойлохоор нэр дэвшүүлж, санал гаргах;
в/. Сургалтын явцад хийх болон анги дэвших, шалгалтын нэр, агуулга, арга хэлбэр, хугацааг хэлэлцэн товлох, улсын шалгалтын комисст нэр дэвшүүлэх;
г/. Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, элсэлтийн журмын төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах;
д/. Суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулахг улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах хөөх мэргэжлийн санал, зөвлөмж гаргах;
е/. Цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтны ажлын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
ё/. Боловсролын хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, боловсрол, мэргэжил, ёс суртахуунаар доголдож, сургалтын ажилд тэнцэхгүй байгаа багшийг ажлаас чөлөөлөх талаар мэргэжлийн үндэслэл гаргах, боловсролын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох байгууллага, хүмүүст тавьж шийдвэрлүүлэх.
2.2.Зөвлөл нь доор дурьдсан үүрэгтэй:
а/. Бага, дунд боловсролын хуульд заасны дагуу дараах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах;
• Цэцэрлэг, сургуулийн дүрэм
• Заах аргын нэгдлийн журам
• Эцэг эх, суралцагчдын байгууллагын дүрэм
• Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх дотоод журам
• Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр
• Хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, зохион байгуулах хэлбэр
• Багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэшлийн зэрэг олгох дотоод журам
• Багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр
б/. Зөвлөл нь дараахь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
• Бага, дунд боловсролын стандарт хангах, сургалтын технологийн горимыг сахиулах, багш нарын боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар сургуулийн захиргаанд туслах, хамтран ажиллах
• Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын ажлын тайлан зэргийг хэлэлцэн үнэлж зөвлөх
• Сургалтын дэвшилтэд технологийг багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
• Заах аргын нэгдлийн үйл ажиллагааг зохицуулах
• Сургууль дээр ардчилалыг хөгжүүлж, суралцагч, багш нарт хүмүүнлэг, иргэний, нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх
• Сургууль, суралцагчид, гэр бүл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэж, тэдний хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
• Суралцагчдын өөрийн удирдлагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх